Бэлгийн замаар дамжих олон төрлийн халдварт өвчин бий. Хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог нь тэмбүү, заг хүйтэн, хламид зэрэг байдаг. Тэгвэл эдгээр олон төрлийн халдварыг нэг дор оношилж илрүүлэх боломжтой гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ХӨСҮТ-ийн Нян судлал, молекул биологийн лабораторийн их эмч Н.Амарбаясгалантай ярилцлаа.
Бэлгийн замаар дамжих халдварыг оношлох ямар төрлийн шинжилгээнүүд байдаг вэ?
Хамгийн түгээмэл буюу хүмүүсийн сайн мэдэх мазокын шинжилгээ байна. Ер нь олон төрлийн шинжилгээ байдгаас гурав дах үеийн оношилгоо буюу PCR шинжилгээ сүүлийн үед манай улсад нэвтрээд байна. Энэ шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчнүүдийг нэлээн нарийн түвшинд оношилдог болсон.
PCR шинжилгээний давуу тал?
PCR буюу Полимеразын гинжин урвал нь молекул биологийн шинжилгээний нэг төрөл. Өөрөөр хэлбэл нян үүсгэгчийг молекул биологийн түвшинд илрүүлнэ, Вирус болон нян, паразитийг илрүүлж байна гэсэн үг л дээ. Хэдэн төрлийн нянг оношлох боломжтой вэ? Мазокын шинжилгээгээр ердөө 3-4 төрлийн халдварыг оношлох боломжтой байдаг бол PCR-аар үлдсэн бусад төрлийн халдваруудыг бүгдийг нь оношилж болдог. Тухайн хүний биед байгаа эмгэг төрүүлж буй үүсгэгчийг таньж олоод бактериас нь ДНК-г ялгаж авах замаар оношилдог юм. Илүү боловсронгуй технологи. Жишээ нь мазокын шинжилгээг эрэгтэй хүнээс авахын тулд төмөр савхаар хатгах хэрэгтэй болдог.
Энэ нь тухайн хүндээ ихээхэн эмзэглүүштэй байдаг шүү дээ. Харин PCR шинжилгээний хувьд ердөө шээснээсээ шинжлүүлчихэд болно. Шээсний шинжилгээ өгөөд оношоо мэдчихэж болно гэсэн үг үү. Бусад төрлийн шинжилгээгээр далд үедээ байгаа БЗХӨ-үүд илрэхгүй байх тохиолдол байдаг шүү дээ? Тэмбүүгийн шинжилгээгээр жишээ авъя. Халдвар авсан хүн нууц үедээ яваад байдаг. Энэ нууц үе нь 28-30 хоног буюу сар үргэлжилдэг. Ийм үедээ шинжилгээ өгөөд илрэхгүй байх тохиолдол бий. Харин PCR шинжилгээгээр далд үедээ байгаа тэмбүү болон бусад өвчнийг илрүүлэх боломжтой. Ингэснээр халдвар цусанд орохоос нь өмнө ор мөргүй бүрэн эмчлэх боломжтой болж байгаа юм.
PCR шинжилгээг өгөхийн тулд хүн ямар бэлтгэл хангах ёстой вэ?
Эмч дээр ирээд тэр хүн зовууриа ярина. Эсвэл цахимаар асуумж бөглөөд шинжилгээ өгч болно. Эрэгтэйчүүдийн хувьд төмсөг нь хавдсан байж болдог. Ийм тохиолдолд шээснээс шинжилгээ авдаггүй. Үрийн шингэнээс авдаг. Мөн түрүү булчирхайн асуудалтай байвал түрүү булчирхайн шүүрэлд нь шинжилгээ хийнэ. Сүүлийн үед элбэг тохиолдох болсон шархт халдварууд байна. Ихэвчлэн хүний дархлаа сулрах үед гарч ирдэг вирус л дээ. Манайхан заримдаа хомхой долоох гэж ч ярьдаг. Ийм төрлийн халдвар бэлэг эрхтэн дээр гарах тохиолдол бий. PCR шинжилгээг хариуцаж байгаа эмч хүн нэлээн өндөр, олон талын мэдлэгтэй байх ёстой. Бэлтгэл хангахын тухайд энэ төрлийн шинжилгээг өгөх гэж байгаа эрэгтэй хүн юуны түрүүнд өлөн шээсний эхэн хэсгээс эсвэл шээсээ хадгалж байгаад шээсний сорь бэлдэнэ гэсэн үг.
Зайнаас шинжилгээнд хамрагдах боломжтой юу?
Боломжтой, Шээсний шинжилгээнд шээсээ зориулалтын саванд хийгээд эмнэлэг лабораторид очдог шиг сорьцоо гэртээ бэлдээд дуудлагын жолооч эсвэл хүргэлтийн олон боломжуудыг ашиглаад илгээх боломжтой шинэ платформ гарсан байна. elab.mn сайтаар орж шинжилгээ өгөх нь илүү амар болсон. Манай залуус ичимхий мөн эмнэлэгт хандах очих гэхээр санаа нь их зовог юм шиг байгаа юм. Энэ сайтаар шинжилгээ өгөхөд нэрээ нууцлалтай өгч байгаа нь түрүүн хэлсэн асуудлуудыг нь шийдэж байгаа хэрэг л дээ. Гол нь асуумжуудыг үнэн зөв бөглөсөн байхад болно. Асуумж бөглөн шинж тэмдгээ хэлснээр бид түүнд нь хариу бичиж таарна.